Wednesday, April 5, 2017

XXI ЗУУНЫ ХЯТАДЫН СЭРГЭН МАНДАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

Олон улсын харилцаан дахь гол тоглогчдын байр суурь өдөр ирэх тутам хувьсан өөрчлөгдөж, манай өмнөд хөрш БНХАУ-ын жин, нөлөө тасралтгүй өсөн нэмэгдэх болжээ. Энэ бол дэлхийн улс төрийн бодлогын талбарт хүйтэн дайны дараах үеэс бий болсон гол онцлог юм. Улс орнуудын хувьд “Хятадын гайхамшигт хөгжил”-ийг янз бүрээр үнэлж, харж байна. Нэг хэсэг нь АНУ-ыг сөрөх чадвартай дэлхийн шинэ их гүрэн хэмээн ойлгож байхад хоёр дахь хэсэг нь болгоомжилсон, гурав дахь хэсэг нь илэрхий дайсагнасан байдлаар хандаж байх жишээтэй. Зүүнийхний хувьд Хятад “социализм үр дүнтэй” байгаагийн, либерал үзэлтнүүдийн хувьд эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах ямар үр нөлөөтэйг илтгэн харуулах тод томруун жишээ болжээ.
Английн Лондон хотноо байрлах “IHS Markit” байгууллагын 2014 онд хийсэн судалгаанд 2024 он гэхэд БНХАУ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж, 2025 оноос дэлхийн худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтын үндсэн тоглогч болох хандлага ажиглагдаж буй талаар дурдсан байна. 2010 онд АНУ-ын ДНБ 14,96 их наяд доллар байсан бол БНХАУ-ынх 5,93 их наяд байжээ. Гэтэл 2015 онд АНУ 18,24 их наяд, БНХАУ 11,12 их наяд болж өсчээ. Энэ өсөлтийн хэмнэл тогтвортой хадгалагдвал 2020 он гэхэд АНУ 23,10 их наяд, БНХАУ 19,24 их наяд, улмаар 2024 онд АНУ 27,31 их наяд, БНХАУ 28,25 их наяд долларт хүрнэ гэж тооцоолсон байна (China to Become World’s Largest Economy in 2014). Гэтэл Хятад улс “2049 онд БНХАУ тунхагласны 100 жилийн босгон дээр баян, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, нийцтэй эв хамт ёсны нийгэм” байгуулж дуусгах зорилт (Jinping, 2014, p. 7) дэвшүүлснийг бодоход энэ тооцоолол боломжтой гэж  үзсэнийх болов уу.  Хятад улсын олон улсын тавцан дахь байр суурь өсөн нэмэгдэж, их гүрэн гэж үнэлэгдэх цэрэг, улс төр, эдийн засаг, соёлын чадавх нэгэнт бүрджээ. “Манай тэмцлийн зорилго нь 2020 онд ДНБ, хот, хөдөөгийн хүн амын дундаж орлогыг 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлж, дундаж чинээлэг нийгмийн бий болгоход оршино. Улмаар энэ зууны дунд үе гэхэд улсаа баян, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, нийцтэй эв хамт ёсны нийгэм болгон хувиргаж, хятад үндэстний агуу сэргэн мандалтын талаарх хятад мөрөөдлийг хэрэгжүүлэх явдал болно” хэмээн Си Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
Мао Зэдуны утопи социализмаас эхлэн Жоу Эньлайгийн “дөрвийн шинэчлэл”, Дэн Сяопин, Зэм Зэминь нарын Хятадыг идэвхжүүлэх сургаал, Ху Жинтаогийн нийцтэй нийгэм цогцлоох онол зэрэг үзэл санааны багагүй хувиралд орсон өнөөгийн Хятадад Си Жиньпин гарч ирсэнээр Хятадын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд Сургуулийн захирал, марксист онолч Ли Циньжү (李君如)-гийн анхлан боловсруулсан Хятад мөрөөдөл үзэл баримтлалыг хөгжүүлэх болсон. 2012 оны арваннэгдүгээр сард “бид бүхэн хятад мөрөөдлийн талаар ярьцгааж байна. Миний ойлгосноор хятад үндэстний агуу их сэргэн мандалт өнөөгийн хятад хүмүүсийн гол мөрөөдөл байх ёстой (Jinping, 2014, хууд. 38) хэмээн Си Жиньпин хэлжээ. Үүний зэрэгцээ “бид зорилгодоо хамгийн ойрхон байна. Бид урьд өмнөх түүхэндээ байгаагүйгээр хүчирхэгжиж, бяд суужээ(Jinping, 2014, хууд. 37) хэмээсэн байна.
Өнөөдөр дэлхийн таван тивээс Ази, Африк, Латин Америк дахь цэрэг, улс төр, эдийн засгийн асуудлыг БНХАУ-ын байр суурийг харгалзах юм уу, хүндэтгэн үзэхгүйгээр шийдвэрлэх боломжгүй болсон. Үүнтэй уялдаад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ), Азийн Дэд Бүтэц, Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ), Шинэ Хөгжлийн Банк (ШХБ), Бүс Нутгийн Эдийн Засгийн Бүх Талын Хамтын Ажиллагааны Байгууллага (БНЭЗБТХАБ) зэрэг Хятадын жанжлах бодлогыг тэтгэх олон улсын сүлжээ нэгэнт бий болжээ. Хятад улс зөвхөн эдийн засаг, улс төрийн хүрээнд төдийгүй зэвсэгт хүчин, соёлын салбарт ч тэргүүлэх байр суурь олж авахыг эрмэлзэж байна. 
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хурандаа, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн профессор Лю Минфү (刘明福) “XXI зуунд Хятадын гол зорилго нь дээд хүчин чадал бүхий дэлхийн тэргүүн зэргийн хүчирхэг гүрэн болоход оршино(刘明福, 2010; 劉明福, 2015) хэмээн бичжээ. 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар БНХАУ худалдаа, арилжаа, хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт, эдийн засгийн хүчин чадлын хувьд хоёрдугаарт (АНУ-ын дараа), цэрэг, зэвсэгийн хүчин чадлаар гуравдугаарт (АНУ, ОХУ-ын дараа) бичигдэж байна. Олон улсын шинжээчдийн ажигласнаар, энэ байдал түр зуурын шинжтэй бөгөөд Хятадын ноёрхол бодит үзэгдэл юм (Rees-Mogg, 2005).
Гэвч энэ бүхний зэрэгцээ “Хятад мөрөөдөл(中国梦) үзэл санаагаар зэвсэглэсэн тус улсын үсрэнгүй хөгжил өөрийн гэсэн дутагдалтай талтай. Судлаачдын ажигласнаар өнөөгийн Хятадад нэгдүгээрт, нийгмийн халамж, хамгааллын, хоёрдугаарт, үндэстэн хоорондын гэх хоёр том асуудал бодитойгоор нүүрлэжээ. Эдгээр нь хятадын сэргэн мандалтад саад учруулж болох талтайг ч дурдах болсон.
Нийгмийн халамж, хамгааллын асуудал: Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт нь нийгмийн нөхцөл эрс дордох аюулаас зайлсхийх шаардлагатай. Хөдөлмөрийн зах зээл дээр ажлын чадвартай хүмүүсийн эзлэх жин (804.200.000 хүн) тасралтгүй өсч байгаа өнөөгийн нөхцөлд хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого тийм ч үр дүнтэй байхгүй болов уу. Өнөөдөр ДНБ 1 хувиар өсөхөд дагалдах ажил эрхлэлтийн хувь 0,2-оос бага байна. Хятадын эдийн засагчдийн тооцоолсноор, ДНБ-ний өнөөгийн өсөлт нь (Жилд 8-9 хувь) жилдээ 10 сая орчим ажлын байр бий болгох боломжтой ч бодит байдал дээр хоёр дахин бага ажлын байр гаргаж байна.
Хотод ажилгүй иргэдийн тоо 30 сая, хөдөөд 200 орчим сая байна. Ажилгүйдэл сайн талтай: хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр өрсөлдөөн нь Хятадад бараа, бүтээгдэхүүний үнээ боломжит доод түвшинд байлгах давуу талыг олгож байна. Гэвч нөгөө талаас нийгмийн дургүйцэл нэмэгдэх, “сөрөг нөлөө” аажим хуримтлагдах муу үр дагавартай.
Улсын өмчит үйлдвэрийн газрын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор шинэтгэл хийх шаардлагатай хэмээн үзэх болсон нь улс орны байдлыг улам хүндрүүлэх болно. Энэ нь үлэмж хэмжээний ажиллах хүчийг цомхотгох байдалд хүргэнэ. Үүнээс гадна, ажиллах хүчний ихэнх хэсгийг шингээх гар үйлдвэрийн салбарт ч шууд нөлөөлөх болно. Ажиллах хүчний урсгалыг үйлчилгээний салбарт шингээх боломжтой ч хотжилт бага, цалин хөлсний түвшин доогуур учир ихээхэн хүндрэлтэй.
Хотын хүн амын төлөвлөгдсөн орлого жилийн 12 мянган юань (1,5 мянган доллар орчим) ч сардаа 100 хүрэхтэй, үгүйтэй долларын орлогтой өрх цөөнгүй байна. Хот, суурингийн хүн ам БНХАУ-ын нийт хүн амын 42 хувийг бүрдүүлж байна (Нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь сардаа 100-гаас илүү долларын орлоготой). Хөдөө, тосгодод нийт хүн амын 58 хувь оршин сууж байгаа бөгөөд жилийн орлого нь 3.6 мянган юаньтай (450 америк доллар) тэнцэж байна. Хэрэв НҮБ-ын аргачлалаар ядуурлын түвшинг тооцож үзвэл өдрийн 1 америк доллар байх ба нэг жилд 365 доллар зарцуулдаг гэсэн үг юм. Эндээс харахад, хятадын тариачны дундаж орлого энэ түвшингөөс бага зэрэг дээгүүр байна. Хятадад өөр статистик ашигладаг. Энэ тооцоог иш татвал, 2005 оны байдлаар ядуу иргэдийн тоо 23,65 сая, бага орлоготой хүмүүсийн тоо 40,67 сая байна. Эдгээр тоо Хятадын загварын давуу талыг илтгэн харуулахад ашиглагдах нь олонтоо (1,3 их наяд хүн амтай улс оронд 70 сая хүрэхтэй, үгүйтэй ядуу иргэд амьдарч байна!). Харамсалтай нь, энэ тоо Хятадад 683-аас бага (85 орчим доллар) юаны орлоготой бол нэн ядуу, 684-944 юаны (85-120 доллар) орлоготой бол ядуу иргэнд тооцдогийг тайлбарлаж чаддаггүй. Энэ бол сарынх биш, жилийнх гэдгийг дахин тэмдэглэх байна. Сард 10 орчим долларын орлоготой хүнийг Хятадын албан ёсны статистикт бага орлоготой хүн гэж тооцдог.
Нийгмийн хамгааллын салбарт шинэтгэлийн жилүүдэд 1978 он хүртэлх үетэй харьцуулахад зарим талаар ухарсан байдал харагдаж байна. Нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэрийн сан их төлөв томоохон үйлдвэр төвлөрсөн хотын иргэдэд хүртээлтэй байна. Гэвч нийгмийн халамж, хамгаалал буурахгүй, харин ч өсч байна. Ингэхдээ амжилттай ажиллаж буй үйлдвэрийн ажилчид илүү хүртэх, жижиг дунд үйлдвэрт ажиллагчид орлого багатай учир муу хүртэх хандлагатай болсон.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Хотын иргэдийн 60 хувь, тариачдын 90 хувь эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх болсон. Харамсалтай нь, тосгодод эрүүл мэндийн үйлчилгээний түвшин үлэмж доогуур байна.
Боловсролын салбарт ч адил үр дүн харагдаж байна. Хятадад албан ёсоор арван жилийн боловсрол бүх нийтийнх бөгөөд үнэ төлбөргүй олгогдоно. Үнэндээ төвийн болон баруун мужын тосгодод 2005 оноос суралцах зардал үлэмж хэмжээгээр өссөн. 2005 он гэхэд нийт хүүхдийн зөвхөн 52,7 хувь сургуульд хамрагдаж байна (1978 онд нийт хүүхдийн 51 хувь хамрагдаж байсан бөгөөд шинэтгэлийн жилүүдэд төдийлөн өөрчлөгдсөнгүй).
Хотод тэтгэвэр авагчдын тоо 50,88 саяд хүрчээ. Тэтгэврийн дундаж хэмжээ сарын 600 юань (75 доллар) байна. Харин хөдөөд дундажаар сарын 50 юань (6 доллар) авах тэтгэврийн 3,02 сая хүн байна. Эндээс үзэхэд хөдөө сууринд тэтгэвэрийн тогтолцоо гэх юм алга. Хятад дахь тэтгэвэрийн тогтолцоо эхлэлийн шатандаа явж байгаа бөгөөд амьдралд нэвтрүүлэхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө шаардах нь ойлгомжтой.
Хот, хөдөөгийн ялгаа ч эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим эрдэмтдийн зүгээс “нэг улс хоёр систем” гэсэн томьёоллыг (урьд нь энэ томьёоллыг Хонког, Макао, ирээдүйд Тайваныг эх газрын Хятадад нэгтгэхэд ашиглаж байсан) хэрэглэх болжээ.  Хэрэв хотууд Европын түвшинд ойртохыг эрмэлзэж байгаа бол хөдөө тосгод тропикийн Африкийн хэмжээнд байна.
Эндээс тариачид ажил хайж хотод, хөгжил дорой мужийн оршин суугчид өндөр хөгжилтэй (далайн эрэг хавийн) муж бараадах нь зүй билээ. 2000 он гэхэд энэ шалтгаанаар хийгдсэн улсын доторх шилжилт хөдөлгөөн нийт хүн амын 10 хувь буюу 144,4 саяд хүрсэн байна. Хүмүүс илүү хөлстэй ажилд орох зорилгоор шилжилт хөдөлгөөн хийдэг ч хүсээд хүсээд хотын уугуул оршин суугчдын түвшинд хүрдэггүй байна. Нөгөө талаас, чухам эдгээр иргэд л хөгжлийн үндсэн хүч болдог жамтай. Гэвч шилжин суурьшигчид ямар ч эрхгүй байх тохиолдол байна. Ийм нөхцөлд үхэх, төрөх, өвчин эмгэгт нэрвэгдэх, ажилгүй байх, гэмт хэрэгт холбогдох зэргийг нарийн тодорхойлох боломжгүй.
Нэгтгэн үзвэл, БНХАУ-д нийгмийн халамж, хамгааллын салбарын бодлого шийдвэрлэвэл зохих асуудлын тэргүүн эгнээнд байна.
Үндэстэн хоорондын асуудал: Тайваны судлаач Гү Мин Жан (古明章) Хятадын засгийн газар 1950-аад оноос эхлэн нэгдмэл улсын бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх болсон. Хан үндэстнийг эс тооцвол 100 орчим сая хүн ам бүхий 288 хэлээр ярих 55 үндэстэн оршин сууж байна. Эдгээр нь БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 64%-ийг эзлэн орших бөгөөд 5 өөртөө засах орон, 30 өөртөө засах тойрог, 120 өөртөө засаг хошуунд хуваагдан аж төрж байна (古明章, 冬季號 2016, хуудсд. 181, 182) гэжээ. Угсаатан судлаач Гао Дали (郭大烈) БНХАУ дахь үндэстэн хоорондын асуудал дараах зүйлтэй холбоотой гэдгийг онцолсон. Үүнд:
·         Үндэсний цөөнхийн байр суурь улс төр, эрх зүйн хувьд бүрэн баталгаажаагүй:
·         Үндэсний цөөнхөө хөгжүүлэх төрийн бодлого явуулдаггүй:
·         Үндэсний цөөнхийн боловсролын түвшин доогуур, нийгмийн байдал муу:
·         Хан үндэстний дээрэнгүй үзэл санаа газар авсан:
·         Үндэстний цөөнхийн соёл урлаг, биет бус өвийг хамгаалах талаар анхаарч ажилладаггүй:
·         Үндэстэн хоорондын харилцаа хурцадсан:
·         Үндэсний цөөнхийг ямагт гадуурхадаг:
·         Тус улсын үндэсний цөөнх бүхэлдээ устах аюулд орсон (郭大烈, 1994, хуудсд. 37-41) зэрэгтэй холбон үзжээ.
БНХАУ дахь үндэсний цөөнхөөс Уйгар, Төвөд, Казах үндэстний асуудал туйлын эмзэгт тооцогдож байна. Ялангуяа Уйгар, Төвөд үндэстний тусгаарлах оролдлого, үзэл санааг энд дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Төвөдийн өөртөө засах орон энэ үйл явцад хүчтэй хамрагдсан гэсэн үг юм. Эндээс үндэстэн хоорондын асуудал хэрхэн хурцдаж байгааг харж болох байна.
Эх сурвалжийн жагсаалт
China to Become World’s Largest Economy in 2014. Retrieved March 26, 2017, from http://press.ihs.com/press-release/economics-country-risk/chinabecome-worlds-largest-economy-2024-reportsihs-economics.
Jinping, X. (2014). The Governance of China (First ed.). Beijing, China: Foreign Languages Press Co. Ltd.
Rees-Mogg, W. (2005, January 3). This is the Chinese century. London: The Times.
刘明福. (2010). 《中國夢:後美國時代的大國思維與戰略定位》. 北京市: 中国友谊出版公司.
劉明福. (2015). 中美世紀大對決. 北京市: 中国友谊出版公司.
古明章. (冬季號 2016). 《中國民族問題與習近平的治理策略》. 台灣國際研究季刊, 12( 4).
郭大烈. (1994). 《當代中國民族問題》. 中國北京: 民族出版社.

БЭЛТГЭСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment